Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатайорчныг бүрдүүлж, есдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга нарт даалгалаа.
“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол 2026 оны тавдугаар сард батлагдаж, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. Мөн хүүхэд бүрд ногдох төсөв санхүүжилтийг шийдэх, үнэлгээг хуурамч дүнгүй, бодитой болгох, хүүхэд бүрд цахимаар сурах боломжийг бүрдүүлэх нь энэхүү бодлогын цөм бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ.
Нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон, хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.
- Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаар төлөвлөжээ.
- Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж 2378 суралцагч /УБ хотод/, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүсчлэлд байгаа нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийнэ.
Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.
| ЗГ: 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана | ||
| Үзсэн: 150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.