Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. Авто замын гүйцэтгэгчээр “Наранбулаг хан” ХХК ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэхүү замыг 1980 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ цагаас хойш засаж, шинэчлээгүй. Тус замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, ус зайлуулах хоолойтой иж бүрэн болгон засаж наадмаас өмнө хөдөлгөөнийг нээсэн. Мөн энэхүү замаас залгаад Бэлхийн 4.2 км замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээсэн юм. Ингээд Бэлх, Сэлхийн оршин суугчид есөн км орчим шинэ замтай болоод байна. Зуслангийн замаар зорчихдоо хурдаа тохируулаагүйгээс болж осол аваар гардаг.
Иймээс хурдаа тохируулахыг жолооч нараас хүсье. Бид зарим газарт хурд сааруулагч хийсэн. Түүнчлэн гэрлийн шон явган хүний зам дээр байрласан байсныг зайлуулж, явган хүний замын хажууд гаргасан. Үүнд цаг хугацаа орсон. Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй. Улаанбаатар хотын явган замыг асфальтаар хийх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шугамтай байна. Зуслангийн бүсэд Санзайн замд мөн анхаарч байна.
Тус хэсэгт цэвдэг ихтэй, овон товонтой. Ингээд Санзай чиглэлд долоодугаар сарын 20-оос эхлэн шинээр зам тавихаар ажиллаж байна. 2026 оны бүтээн байгуулалтын жилд нийт 31 км замын засвар арчлалтыг хийж, нийт 101 км зам шинээр барина. Бид хүүхдүүдийн хичээл эхэлж, хөдөлгөөн нэмэгддэг цагаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийхгүй байхаар төлөвлөөд наадмын амралтаар хөл хөдөлгөөн багассан үед ажиллаж байгаа юм. Ингээд хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо. Харин зам дагуух айлууд дураараа орц, гарц хийхгүй байхыг хүсье” гэв.

“Наранбулаг хан” ХХК-ийн ахлах инженер Б.Баатархүү “Замын нийт ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг шийдэгдсэн. Дугуйн зам 1.2 км дутуу байгааг гүйцээж байна. Хөвөөний ажил мөн үргэлжилж буй. Одоо тэмдэг тэмдэглэгээг хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болно” гэв.
| Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо | ||
| Үзсэн: 178 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.