Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй Монгол наадам” өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд 7000 гаруй иргэн үндэсний дээл, хувцсаараа гоёж оролцон, монгол үндэстний өвөрмөц соёл, зан заншил, үнэт өв уламжлалаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Наадмын үеэр нийслэлчүүд болон гадаад, дотоодын жуулчид үндэсний дээл, хувцсаар гоёж, Монголын ард түмний өв соёл, ёс заншил,үндэсний хувцасны өвөрмөц онцлогийг сурталчилсан олон төрлийн арга хэмжээнд оролцов.
Арга хэмжээний хүрээнд үндэсний хувцасны загварын үзүүлбэр, урлагийн тоглолт, ардын уламжлалт зан үйл, үндэсний өв соёлыг сурталчилсан үзэсгэлэн, гар урлалын бүтээлийн танилцуулга, монгол ахуйг харуулсан хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа. “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ нь үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлэх, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой уламжлалт арга хэмжээ бөгөөд жил бүр Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагддаг.
Монгол үндэсний хувцас бол түүх, соёл, ёс заншил, ур ухааныг шингээсэн үнэт өв бөгөөд иргэд үндэсний дээлээ өмсөн энэхүү баярт нэгдсэнээр эх орон, өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж байна.








| Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо | ||
| Үзсэн: 50 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.