Шууд Chart

"Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа

2026-07-09 14:13:47

ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам болон Европын Холбооноос хамтран санхүүжүүлдэг "IKI JET" төслөөс хэрэгжүүлж буй техникийн туслалцааны ажлын хүрээнд Налайх дүүргийн 7-р хороонд байрлах “Нарны Эрч“ өрхийн эрүүл мэндийн төвийн дээвэр дээр 30 кВт-ын хүчин чадалтай, 20 кВт цаг багтаамжтай нарны цахилгаан үүсгүүр (НЦҮ)-ийн хосолмол системийг амжилттай суурилуулж, хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Тус эрүүл мэндийн төв нь 3,000 гаруй өрхийн 11,000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд урьд нь цахилгааны хүчдэлийн уналтаас шалтгаалан үйл ажиллагаа нь тасалдах хүндрэлтэй тулгардаг байсан юм. Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн уг тогтвортой эрчим хүчний шийдэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй, найдвартай цахилгаанаар хангах нөхцөлийг бүрдүүллээ.

Уг системийг албан ёсоор хүлээлгэн өгөх арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мандуул, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрчим хүчний төслүүдийн удирдагч Йонас Реннер болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Уг төслийг ХБНГУ-ын Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яамны Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI) болон Европын Холбоо хамтран санхүүжүүлж байна.


"Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа  
Үзсэн: 5 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй