Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй “Арьс шир-Баялаг” санаачилгын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтад ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн захирал Б.Энх-Эрдэнэ нар байлцав.
БУЛГАН, СЭЛЭНГЭ АЙМГУУД ТҮҮХИЙ ЭДИЙН АНХАН ШАТНЫ ТӨВ БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭЭ
“Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай гэсэн 5 аймгийн төвд түүхий эдийн анхан шатны төвүүдийг байгуулаад хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд дээрх түүхий эдийн төвүүдээр дамжуулан малчид, аж ахуйн нэгжүүдээс үхрийн шир, хонины нэхийг худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн үйлдвэрлэгчдэд бэлтгэн нийлүүлж эхэлжээ. Тухайлбал, Дорнод аймгаас бэлтгэн нийлүүлсэн анхны 500 ширхэг үхрийн арьсыг “Хөдөө аж ахуйн бирж”-ийн дуудлага худалдаагаар борлуулаад байгаа юм.
Ийнхүү дулааны улиралд арьс ширийг хаягдалгүйгээр бэлтгэн нийлүүлэх тогтолцоо амжилттай хэрэгжиж эхэлснээр түүхий эдийн анхан шатны төвийг нэмж байгуулах саналыг Булган, Сэлэнгэ аймгуудаас ирүүлээд байгаа аж.
АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛЛЫГ ХЯЛБАР, ШУУРХАЙ ОЛГОХ ЖУРАМ БОЛОВСРУУЛНА
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааг эхлүүлснээс хойших 14 хоногийн үйл ажиллагаа, эхний үр дүнгийн талаар мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан. Үүнээс хамгийн чухал нь арьс шир борлуулсан малчид, малчны нөхөрлөл, хоршоонд олгох урамшууллыг оновчтой, хялбар байдлаар түргэн шуурхай олгох шаардлагатай байгааг онцлов.
Малчид болон малчдын хоршоод түүхий эдийн анхан шатны төвүүдэд үхрийн арьс шир борлуулснаар үндсэн үнэ дээр нь нэмж 15 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой. Уг урамшууллыг иргэдэд хялбар бөгөөд шуурхай олгох хувилбарыг бий болгохын тулд “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч талууд болох “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран тодорхой журмын төсөл боловсруулж танилцуулахыг сайд Ц.Идэрбат үүрэг болголоо.
ОЙМСНООС ХЯМД ҮНЭТЭЙ ГУТАЛ ИМПОРТООР ОРУУЛЖ ИРЖ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд жилдээ 500 мянга орчим үхрийн шир бэлтгэдэг. “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны хүрээнд үхрийн ширийг хаягдалгүй бэлтгэн нийлүүлэх зорилготой. Арьс ширний урамшууллыг оновчтой болгох юм бол зах зээлийн зарчмаар үхрийн арьс шир бүрэн ашиглагдах боломж бүрдэнэ.
Харин цаашид анхаарах асуудлын нэг нь арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотоод, гадаад зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.
Тухайлбал, арьс ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн. Гэвч импортын бүтээгдэхүүнд зах зээлээ алдах эрсдэл байсаар байгаа аж. Монголд үйлдвэрлэсэн хөдөлмөр хамгааллын гутал чанарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ч 30 центийн үнэтэй гэж гаальд мэдүүлж оруулж ирдэг хямд гуталтай өрсөлдөх боломжгүй.
Хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, чанар, стандартын шаардлага хангахгүй ийм бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн гааль, татварын бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой санаачилга гаргах нь “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны дараагийн шатны зорилго болж байна.

| “Арьс шир-баялаг” санаачилга амжилттай хэрэгжиж байна | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.