Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.07.02/ хуралдаан 09.48 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.3 дахь хэсэгт “Хорооны дарга, нарийн бичгийн даргыг Хорооны гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт саналаа танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Нэргүйн Мягмарыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилуулахаар санал болгож буйгаа танилцуулав.
Нэргүй овогтой Мягмар 1976 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг хууль зүйн магистр, 2005 онд Америкийн их сургуулийн Вашингтоны хуулийн коллежийг хууль зүйн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Тэрбээр 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, газрын дарга, 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-д менежер, 2012-2014 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2014-2016 онд АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул, 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн менежер, 2018-2023 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга, 2024-2026 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна.
Нэргүй Мягмарын төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан, мэргэжлийн өндөр боловсрол мэдлэг, мэргэшлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлагыг харгалзан СЕХ-ны даргаар томилуулах саналыг оруулж байна гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Нэргүй овогтой Мягмарыг томилохыг дэмжье гэсэн томьёоллоор хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.