Зуны дунд хөх морь сарын есөн улаан хөх нохой өдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотноо тус аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Төрийн далбаа мандуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд уригдан оролцсон юм.
Арга хэмжээний эхэнд Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, 100 жилийн буурал түүхийн хугацаанд шударга ёс сахиулах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй үе үеийн шүүгчид болон шүүхийн ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ энэхүү тэмдэглэлт өдөр нь Нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү гүрний Модун шаньюйн санаачилгаар Монгол нутагт анхны зохион байгуулалттай, байнгын арми үүсэн байгуулагдсан түүхт өдөртэй давхцаж буйг онцлов. Түүнчлэн дэлхийн түүхчид энэхүү түүхэн үйл явдлыг орчин цагийн Хуурай замын цэргийн үүсэл хөгжлийн эхлэл хэмээн үздэг бөгөөд олон улсын Зэвсэгт хүчнүүд энэхүү өдөрт өндөр ач холбогдол өгөх болсныг дурдлаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд ойн баяраа тэмдэглэж буй шүүгч, ажилчид дурсгалын зураг татуулж, Төрийн далбааны талбай, байгууламжийг бүтээн байгуулсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.
| Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо | ||
| Үзсэн: 44 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.