Шууд Chart

Налайх дүүрэгт “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

2026-06-29 09:19:04

Зуны улирал эхэлж, иргэд гол, ус бүхий газруудад олноор зорчих болсон энэ үед үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлттэй хаалганы өдөрлөг Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж-Горхийн бүс нутагт зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс зохион байгуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтэс болон холбогдох байгууллагууд хамтран оролцов.

Өдөрлөгийн үеэр иргэд, аялагчдад үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, гол, усанд зорчих үеийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгохын зэрэгцээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өглөө.

Мөн Онцгой байдлын байгууллагын аврах ажиллагаанд ашиглагддаг техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, аялал, зугаалгын үеэр иргэдийн сонор сэрэмж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг мэдлэг мэдээллийг түгээж ажиллалаа.

Зуны улиралд үер, гол, усны ослын эрсдэл нэмэгддэг тул эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд та бүхэн баталгаатай гүүр, гарц, гармаар зорчиж, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.


Налайх дүүрэгт “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа  
Үзсэн: 6 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй