Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн Байгаль орчны газар ажиллалаа

2026-06-25 12:19:33

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүн Б.Золтуяа, Ч.Батзориг, Ү.Оюунзул, Г.Батбаяр, Д.Отгонсүрэн, Ч.Батцогт нар нийслэлийн Байгаль орчны газарт ажиллаж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Байгаль орчны газар энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан юм. Тухайлбал, эвдэрч доройтсон 199.7 га талбайг нөхөн сэргээжээ. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалттай холбоотой зөвшөөрөл, хяналтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

 

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа, мониторингийн ажлыг эрчимжүүлж, ургамал болон ашигт бактери ашиглан 35 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна стандартын шаардлага хангасан ариун цэврийн 32 байгууламж барих ажлыг эхлүүлсэн талаар мэдээллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны зургаадугаар сарын байдлаар нийт 23 мянга гаруй иргэн 749 мянга гаруй мод тарьсан байна. Мөн доройтсон ойн сан бүхий 12 мянга гаруй га талбайд нөхөн сэргээлт хийх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.

 

Нийслэлийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 138 мянга гаруй га талбайг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан байна. Усны нөөцийг хамгаалах хүрээнд ус ашиглах болон худаг гаргах зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, эхний хагас жилийн байдлаар 1152 өргөдлийг шийдвэрлэжээ. Сонгинохайрхан дүүрэгт хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлж, ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

 

Мөн иргэдээс ирсэн 50 дуудлагын дагуу 86 зэрлэг амьтныг авран хамгаалж, байгальд нь эргүүлэн тавьжээ. Мөн тарвага шилжүүлэн нутагшуулах, минж үржүүлэх, зэрлэг амьтдад ээлтэй орчин бүрдүүлэхээр тогтмол хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа. Нийслэл орчмын зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон бодгаль тарвагыг шилжүүлэн нутагшуулах, минж үржүүлэх, зэрлэг амьтдад ээлтэй орчин бүрдүүлэхээр тогтмол хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.

 

Уулзалтын үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын дэргэдэх Минж үржүүлэх, нутагшуулах төвийн үйл ажиллагааг онцлон танилцуулсан юм. Тус төв нь Туул голын ай савын экосистемийг сэргээх зорилгоор 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 33 бодгаль минж үржүүлж, нийт 87 бодгалийг байгальд нутагшуулаад байна.

Минжийн генетикийн олон янз байдлыг хадгалах зорилгоор бусад гол мөрнөөс 12 минж авчирч, үржил селекцийг сайжруулах арга хэмжээг эхлүүлжээ. Мөн минж үржүүлэх байр, музей, сургалт сурталчилгааны төв, ажилчдын байрны засвар шинэчлэлийг хийж, гадаалуулах хөв цөөрмийг өргөтгөн шинэчилж байна.

 

Түүнчлэн нарны зай хураагуур суурилуулж, 2026 оноос цахилгааны хэрэгцээгээ бүрэн сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрджээ. Экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр жил бүр мянга орчим сурагч, оюутан, иргэнд сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулдаг байна.

 

Ногоон хөгжлийн хорооны гишүүд байгаль хамгаалал, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Мод, бут сөөгийн арчилгаа, усалгаанд саарал ус ашиглах боломжийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хэмнэлттэй менежментийг нэвтрүүлэх талаар санал гаргав.


Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн Байгаль орчны газар ажиллалаа  
Үзсэн: 46 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй