Шууд Chart

Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих “Mon-shep” төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо

2026-06-18 11:03:17

“Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл” (Mon-SHEP)-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар мэндчилгээ дэвшүүлэв.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн өнгөрсөн хугацаанд төслийн баг болон ЖАЙКА, ХХААХҮЯ, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, зорилтот аймаг, сумдын ХАА хариуцсан мэргэжилтнүүдийн хичээл, зүтгэлийн дүнд өөрчлөлт, үр дүн харагдаж эхэлж байгааг онцолж, төслийн хэрэгжилтийн явцад цаашид анхаарах зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, мэргэжилтнүүдийн чадавхыг улам сайжруулах, нэвтрүүлэх ажил буюу SHEP-д тулгуурласан үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх шаардлагатай байгааг дурдав.

“Mon-SHEP” төсөл 2024 оны 11 дүгээр сарын сүүлээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нийт 4 жилийн хугацаатай хэрэгжих юм. Тус төсөл нь ХАА хариуцсан мэргэжилтнийг нэвтрүүлэх ажлын нэг хэлбэр болох SHEP аргачлалд сургаж, чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт тариаланчдыг хариуцаж ажилладаг мэргэжилтнүүд SHEP аргачлалд тулгуурлан тариаланчдын аж ахуй эрхлэх чадавхыг сайжруулж, тариалалтыг бизнес болгож хөгжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн “Зарахын тулд тариалдаг” хандлага, арга барилд сургаж, удирдан чиглүүлэх юм.

Хамтарсан зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийн хэрэгжилтийн явц, гарч буй үр дүн болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, төслийн ахлах зөвлөх Мантани Нобухиро “Mon-SHEP” төслийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бол ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ төсөл төлөвлөлтийн матрицад оруулах өөрчлөлт, үр дүнгийн тоон утгыг тодорхойлох болон Сэлэнгэ аймгийн зорилтот сумыг энэхүү төсөлд хамруулах асуудлаар танилцуулга хийлээ.

Өнгөрсөн хугацаанд төсөлд хамрагдсан 7 аймаг, 13 сумын ХАА хариуцсан мэргэжилтнүүд тариаланчдыг сургалтад хамруулсанаар оролцогчид өөрсдийн орлого, зарлагыг байнга тэмдэглэж хэвшсэнээр тариалалтаа төлөвлөж, хяналт тавихад хэрэгтэй, ач холбогдолтойг ойлгож мэджээ.

Мөн хүнсний ногоогоо борлуулах зах зээлээ өөрсдөө судалж, эрэлт хэрэгцээ ихтэй хүнсний ногооны төрөл, сортыг шинээр тариалж эхэлсэн зэрэг тариаланчдын сэтгэлгээ, арга барилд өөрчлөлт гарч эхлээд байна гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих “Mon-shep” төслийн хамтарсан зохицуулах хорооны II хуралдаан боллоо  
Үзсэн: 50 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй