Шууд Chart

Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

2026-06-17 16:14:36

Ард иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажил өнөөдрөөс эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт чиглэл өгч, шинжилгээг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хийх юм.

Өчигдөр нээлтээ хийсэн тус лаборатори нь 224 багаж, тоног төхөөрөмжийг ашиглан химийн болон микробиологийн 27 үзүүлэлтээр үнэлгээ хийж , олон улсын найман фармакопейн 119 монографи, ерөнхий өгүүлэлд заасан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

Эхний шатанд 27 нэр төрлийн эмийн 56 дээжийг шинжилгээнд хамруулах бөгөөд үр дүнг нэг сарын хугацаанд гаргана. Үндсэн шинжилгээний дүнд эмийн чанар, аюулгүй байдлыг үнэлж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох юм. Энэхүү арга хэмжээ нь эмийн чанарын хяналтыг сайжруулж, иргэдийг баталгаатай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Цаашид тус лабораторид дотоодод үйлдвэрлэсэн болон импортын эмийг зах зээлээс түүвэрлэн тогтмол шинжилгээнд хамруулна.


Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй