Шууд Chart

Казахстаны шатрын боловсролын туршлагатай танилцаж, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ

2026-06-16 13:32:11

Боловсролын яамны төлөөлөгчид Казахстаны Шатрын холбооны Боловсролын төслүүдийн газрын дарга Жазира Искандироватай уулзаж, ерөнхий боловсролын сургуулиудад шатрын боловсролыг хэрэгжүүлж буй туршлага, үр дүнгийн талаар мэдээлэл авлаа.

Уулзалтын үеэр Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Үндэсний шатрын хөгжлийн төлөвлөгөө, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан шатрын боловсролын бодлого, хөтөлбөр, багш бэлтгэх тогтолцоо болон орон даяар хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулсан юм.

Казахстан Улсад шатрын боловсролыг сурагчдын логик сэтгэлгээ, шүүн тунгаах чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар, төвлөрөл болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чухал хэрэгсэл гэж үзэн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн сургуулийн шатрын клубүүдийн үйл ажиллагаа, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сурагчдын оролцоог дэмжих тэмцээн уралдааны тогтолцооны талаар санал солилцон Монголын тал шатрын боловсролыг хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, суралцахуйн үр дүнг дэмжих хэрэгсэл болгон хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, хоёр улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, багш бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд талууд Казакстан улсад төвтэй Дэлхийн сургуулийн шатрын холбоотой хамтран ажиллахаар тохиролцож, шатрын сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сургалтыг дэмжих хэлбэрээр оруулах, хүүхдийн оюуны хөгжил, суралцахуйн чанарыг дэмжих чиглэлээр шатрын боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

 

 


Казахстаны шатрын боловсролын туршлагатай танилцаж, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ  
Үзсэн: 9 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй