Шууд Chart

БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийн явцад анхаарна

2026-06-11 13:14:18

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Найдалаа БНХАУ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын чухал хамтрагч, дэмжигч хэмээн үздэгээ илэрхийлэв. Мөн тэрбээр өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн сацуу эрчим хүчний салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаараа онцолсон юм. Тодруулбал, нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байгаагаа танилцуулаад, үүнд хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний экспорт, устөрөгч, аммиак ашиглах асуудал багтсан талаар дурдлаа.

Түүнчлэн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглэхийн сацуу БНХАУ-аас 80 МВт хүртэлх эрчим хүч импортлох 220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж, агаарын шугамыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч байгааг тодотгосон юм. Мөн цаашид хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гээд бүхий л чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Шэнь Миньжуаний зүгээс хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, “БНХАУ XV таван жилийн төлөвлөгөөндөө эрчим хүчний бүтцийг илүү сайжруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр тусгасан. БНХАУ-ын (Өвөр Монгол) чөлөөт худалдааны бүсийг нээгээд байгаа. Өвөр Монгол нь БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний чухал түшиц газар. Цаашид хоёр улсын энэ чиглэлийн хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэж байна. “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс чухал түнш” гэлээ. Мөн БНХАУ-ын зүүн бүсэд хөнгөн цагааны төсөл хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэрэгцээ ихсэх тул Монгол Улсаас нийлүүлэх боломжтойг дурдсан юм.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын компанид төслийн зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн болон томоохон техник оруулж ирэхэд зарим хүндрэл учирч байгаа талаар Элчин сайд Шэнь Миньжуань хэлэв. Түүнчлэн Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх хугацаанд цар тахал дэгдсэнээс шалтгаалж санхүүжилттэй холбоотой шийдвэрлэх асуудал тулгарсныг хэлж байлаа.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг бид маш чухал гэж үзэж байгаа. Ирэх бямба гарагт төслийн талбайд очиж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцаж, мэдээлэл авна. Тулгарч буй асуудал байгаа бол шийднэ. Чойбалсангийн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлыг мөн шийдэх болно” хэмээн мэдэгдээд, хөрөнгө оруулагчдыг дэмжин, хил гаальтай холбоотой хүндрэл учруулахгүй байх зэрэгт анхаарна хэмээн тэмдэглэв. Элчин сайд Шэнь Миньжуаний зүгээс Монголын инженер техникийн ажилтнуудын чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах боломжтойг дурдаад, цаашид эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор төслийн барилга угсралтын ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын хилээр гүйцэтгэгч компанийн 197 хүн орж ирж төслийн талбарт ажиллаж буй бол орон нутгаас 210 хүнийг ажиллуулж байгаа агаад өдгөө тунелийн ухалга, станцын суурийн ажил явагдаж байна гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  


БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийн явцад анхаарна  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй