Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

2026-06-11 12:20:13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн салбарын 200 шахам ахмад ажилтан, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 800 орчим салбарын мэргэжилтэн, албан хаагчид оролцож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллаж буй хугацаанд хэрэгжүүлсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг бодлогын болон санхүүгийн дэмжлэгээр хангахад түүхэн үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөдөлгөөнүүдийн хүрээнд бий болсон үр дүнг дараагийн шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн гол зорилт болохыг тэмдэглэв.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд ноолуурын үйлдвэрлэлд 450 тэрбум төгрөг, ноосны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 35 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд үүний үр дүнд хаврын бэлтгэлийн хүрээнд 5000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдан авч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байна.

Мөн малчдын эрсдэлийг бууруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1000 гаруй багт ногоон тэжээл тариалах “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан бааз, суурь, амжилтыг улам өргөжүүлж, дараагийн шинэ шатны зорилтыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх  нь манай салбарын ирээдүйн хөгжлийн хурдасгуур, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг сайд онцлов. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй