Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Гуаньнань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалтын хугацаа болон төлөвлөлт, хоёр талын ажлын уялдаа холбоо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилт бодит үр дүнд хүрч онцоллоо.
Мөн тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК болон танай компанийн хамтын ажиллагааны үр дүнд барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 32 хувьд хүрээд байна” гэв.
Зам, тээврийн сайдын зүгээс уг төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах зорилтыг онцолж, үлдсэн хугацаанд өндөр ачаалалтай, үр дүнтэй, чанартай хариуцлагатай ажиллах шаардлагатай байгааг Монгол-Хятадын талд, хариуцагч компаниудын удирдлагуудад санууллаа.
Мөн тэрбээр “Бидэнд идэвхтэй, оргил ачаалалтай ажиллах богинохон хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд хүн хүч, тэрэг техникийн нөөц боломжуудаа бүрэн дайчилан ажиллаж, төслийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь чухал болохыг онцоллоо. Мөн урин дулааны улиралд төслийн ажилд цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолон ажиллах, ялангуяа үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг өглөө.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг аюулгүй найдвартай байдлыг хамгаалж ажиллах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа.
Түүнчлэн энэхүү уулзалтаар төслийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монголын Засгийн газрын зүгээс, салбарын сайдын зүгээс тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа. Тухайлбал, олон улсын нөхцөл байдал, үнийн өсөлт, ханшийн зөрүүнээс үүдэлтэй төслийн төсөв нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд танилцуулах, хэлэлцүүлэх, шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж байгааг Зам, тээврийн сайд онцлов.
Мөн энэ хүрээнд Монголын талд барих хил дамнасан төмөр замын Хятадын талын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, хүлээлттэй байгаад анхаарал хандуулж, цаг алдалгүй энэ ажлыг шуурхай эхлүүлж, дам нурууг барьж эхлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд бүтээн байгуулалтын төслийн талбайд ажиллахаар төлөвлөж буйтай холбогдуулан талууд бэлтгэл ажлаа хангах, холбогдох албан тушаалтнуудтай уулзах, хурал уулзалтын оролцоог бүрдүүлэх, Монголын талд дам нуруу тавих ажлыг шуурхай зохион байгуулж, ажлаа эрчимжүүлэх чиглэл өгөв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| “Гашуунсухайт-Ганцмод”-ын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хил холболтын төслийг хугацаанд нь дуусгах чиглэл өгөв | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.