Шууд Chart

Хүн ам зүйн хэтийн төлөв тодорхойлох, бодлогын шийдэл гаргахад НҮБ-ын Хүн амын сан хамтарна

2026-06-11 11:01:02

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч ноён Халид Шарифитай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай нягт хамтран ажиллаж, хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдал, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сантай тогтоосон үр дүнтэй түншлэлээ бэхжүүлж, хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон.

ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, “Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна. Насжилт нэмэгдэж, алслагдмал хөдөө орон нутаг дахь залуучуудын жендэрийн тэгш бус байдал зэрэг хүн ам зүйн хувьд олон чухал асуудал тулгамдаж байгааг дурдаад дараах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Үүнд:

Гэр бүлийн тухай хууль болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, дагалдах дүрэм журмыг боловсруулах, олон нийтэд сурталчлах; ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ажиллах,

Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг үнэлж, шинэчлэх;

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, асаргаа халамжийн ажлын үнэлгээг бодлогод тусгах чиглэлээр ажиллах;

Жендэрт суурилсан болон технологид суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын тогтолцоог бэхжүүлэх;

Хөдөөгийн болон малчин эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр хамтарсан санаачилга хэрэгжүүлэх зэрэг болно.

Халид Шарифи яамнаас дэвшүүлсэн бодлогын зорилтууд Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй яв цав нийцэж байгаа тул бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа ГБХНХЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу Хүн ам зүйн хэтийн төлөв тодорхойлох судалгаа шинжилгээний ажлыг ҮСХ-той хамтран хийнэ. Зөвхөн тоо гаргаад орхих биш, бодлогын шийдэл тодорхойлж, зөвлөж ажиллахыг зорино гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  


Хүн ам зүйн хэтийн төлөв тодорхойлох, бодлогын шийдэл гаргахад НҮБ-ын Хүн амын сан хамтарна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй