Шууд Chart

Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хариуцлага чангатгах үүрэг өгөв

2026-06-10 09:19:21

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.09) болж, автозам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, НҮБ-ын "COP-17", “Дэлхийн адууны өдөр" зэрэг  олон улсын томоохон арга хэмжээ, хурал уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудад хариуцлагыг чангатгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн онцгой үүрэг даалгаварыг өглөө. Тухайлбал, сүүлийн үед нийслэл хотод скүтер, суррон, мопедтой холбоотой осол аваарын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, насанд хүрээгүй хүүхдээр цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт шалгалтыг чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газарт цахилгаан тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хууль, дүрмийн хэрэгжилтийг хамтран сахиулах чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийж ажиллахыг санууллаа.

”Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэд, олон нийтэд бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулна

ЗТЯ-наас энэ сарын 15, 16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, бүх байгууллагуудыг идэвхтэй оролцохыг үүрэг болголоо. Мөн энэ үеэр зам тээврийн салбарт 2026 онд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд, салбарын шинэчлэл, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэж ажиллахыг чиглэл болголоо. 

Нисэхийн салбарыг шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг сануулав

Мөн хурлаар олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор иргэний нисэхийн байгууллагуудад шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Тухайлбал, ИНЕГ, ИНҮТ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагуудад гадаад дотоод нислэгийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах чиглэл өглөө.

Түүнчлэн иргэний нисэхийн салбарынханд олон улсын “DRONECON-2026” дрон болон агаарын шоу тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд  талархал илэрхийлж, дараагийн чухал ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг сануулав.

Түүнчлэн энэ онд Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор орон нутгийн нислэгийн хуваарь, төлөвлөлтийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэх, шөнийн нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг  анхаарууллаа.

Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-д Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “цэнхэр барилга”-ын ажлыг  эрчимжүүлж, тус барилгын дээвэр, гадна талын пасад зэргийг сольж шинэчлэхийг үүрэг болгоод, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг дахин санууллаа.

ИНЕГ болон бусад байгууллагад олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтын комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

Зам, гүүрийн ажлын хяналтыг чангатгаж, үер, усны эрсдэлийг тооцоолж ажиллахыг анхаарууллаа

Төмөр зам болон авто замын байгууллагуудад урин дулааны улиралд үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, зам, гүүрийн ус зайлуулах байгууламж, хоолой, сувгийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг өглөө. Ялангуяа говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг хамгаалах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа.  Мөн Замын-Үүд, Чойрын чиглэлд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээс үүдэлтэй автозамын эвдрэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жин хэмжилтэд анхаарах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах чиглэл өгөв. 

”COP-17" хуралд  тээврийн салбар онцгой үүрэг хариуцлагатай оролцоно

Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь, Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу (COP17)-ын үеэр олон зочин төлөөлөгчид хүрэлцэн ирэх тул  уг арга хэмжээний тээвэрлэлт, зохион байгуулалтын ажлуудад ЗТЯ болон харьяа байгууллагууд өндөр үүрэг хариуцлагатай оролцохыг салбарын сайд онцгойлон  анхаарууллаа.

Мөн аялал жуулчлал, бүтээн байгуулалтын улирал идэвхжиж  буйтай холбогдуулан ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлагууд хувийн ажлаар чөлөө зөвшөөрөл авах, гадаад руу томилолтоор явах, ээлжийн амралт авахгүй байх,  баяр наадам, тэмдэглэлт өдрийг түр завсарлах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг чангатгаж ажиллахыг анхаарууллаа.

Хурлын төгсгөлд, харьяа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах чиглэл өгөв гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хариуцлага чангатгах үүрэг өгөв  
Үзсэн: 25 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй