Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей ХБНГУ-ын Өвөг ба Эртний Түүхийн музейтэй хамтран ирэх аравдугаар сард хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Берлин хотноо “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Монгол Улсын түүх, өв соёлыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах ажлын хүрээнд музейн урилгаар Герман улсын хэвлэл мэдээллийн томоохон 12 байгууллагын сэтгүүлч, зураглаачид 2026 оны зургаадугаар сарын 8-нд Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүлээн авч уулзан, музейн үйл ажиллагаа болон гол үзмэрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Мөн хэд хэдэн танхимаар дагуулан тайлбар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын эхэнд академич С.Чулуун Чингис хааны нэрээр нэрлэгдсэн төрийн түүхийн музейн үндсэн гол үзмэрүүд археологийн олдвороос бүрддэгийг онцоллоо. Тус музей байгуулагдаад удаагүй ч гурван жилийн хугацаанд Монголын түүхийг гадаад орнуудад зөв сурталчлан таниулах зорилгоор Европын таван улсад олон улсын үзэсгэлэн дэлгэн үзүүлжээ.
Тэрбээр ирэх аравдугаар сард Берлин хотод нээгдэх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн 20 жилийн дараа гарч буй томоохон үзэсгэлэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн нандин үзмэрүүдийг дэлгэнэ гэдгийг тэмдэглэв. Мөн энэхүү үзэсгэлэн нь Монголын археологийн салбар дэлхийн ямар түвшинд хүрснийг харуулах зорилготойг хэллээ.
Германы хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өөр өөрсдийн шугамаар ирэх аравдугаар сард Берлин хотноо нээгдэх үзэсгэлэнгийн урьтал болгон Монголын түүх, соёлын талаар сурталчилгааны мэдээлэл бэлтгэх юм.
| “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Берлинд нээгдэнэ | ||
| Үзсэн: 169 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.