Шууд Chart

Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна

2026-06-09 09:17:26

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт 29,920 ам метр талбайд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь гурван давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай, ногоон байгууламж, усан оргилуур болон гадна тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэнэ.

Спорт цогцолборын барилгын нэгдүгээр давхарт албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь төлөвлөсөн.

Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөгийн заал, дасгалжуулалтын талбай бүхий жудо, бөх, заалны хөлбөмбөг, волейбол зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломжтой олон зориулалтын заал болон хананд авиралтын хэсгийг төлөвлөсөн. Гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг тус тус төлөвлөсөн байна.

Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалт ашиглалтад орсноор иргэдийн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдэх юм.


Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй