Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа

2026-06-09 07:45:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэг барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Мөн төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулсан байна.

2025 оны эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 орчим хувийг бүрдүүлжээ. Мөн 2025 оны байдлаар барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болсон байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын яам хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, тогтолцоог оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга, байгууламжийн норм, нормативын зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорьж байгааг хэллээ.

Энэ хүрээнд Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүчин чадлыг давсан ачаалал, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн үйлчилгээний хүртээмж зэрэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан хэвээр байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Иймээс Ерөнхийлөгч зарлиг гарган төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ төвүүд бий болгох зорилгоор Хархорум хотыг Орхоны хөндийд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ногоон нуур-1008” айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны 5,002 айлын төсөл, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, ашиглалтад оруулсныг дурдлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй