Шууд Chart

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

2026-06-08 09:06:19

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.


“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй