Шууд Chart

Нийслэлийн үерийн эрсдэлт байршлуудын урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бэлтгэл ажлыг хангаж байна

2026-06-07 11:08:41

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн үерийн эрсдэл бүхий 8 цэгт өчигдөр /2026.06.06/ ажиллалаа. Мөн Туул голын Хар усан тохойгоос Маршлын гүүр хүртэлх 7, Маршалын гүүрээс Сонсголонгийн гүүр, Хадан хясаа хүртэлх 4 байршлын үер усны аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцсан юм.

 Нийслэлийн Сэлбэ, Дунд гол, Туул голын эрэг дагуу болон Сүхбаатар дүүргийн 13,14-р хороо Дарь эх, Улиастай орчим, Чингэлтэй дүүргийн зарим хэсэг үерийн эрсдэл өндөртэй бүсэд тооцогддог.

ОБЕГ-ын мэдээлснээр, нийслэлийн 7 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд нийт 1917 өрх суурьшиж байна. Өнгөрсөн 2025 онд 143 өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Цаашид эрсдэлтэй бүсэд буусан бүх өрхийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

 

УЦУОШГ-ын урьдчилсан мэдээгээр 2026 оны зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, голуудын усны түвшин эрс нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, Туул голын түвшин 248 см, Сэлбэ голын түвшин 90 см-ээр тус тус нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Иймд, дулааны улирал эхэлж, иргэд голын эрэг дагуу амарч зугаалах хөдөлгөөн эрс ихсэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжлүүлэх, урьдчилан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Онцгой байдлын албаны зүгээс хүүхдийг харгалзах хүнгүй явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохоос татгалзах зэргийг онцгойлон анхааруулж байна.


Нийслэлийн үерийн эрсдэлт байршлуудын урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бэлтгэл ажлыг хангаж байна  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй