Шууд Chart

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал амжилттай зохион байгуулагдаж байна

2026-06-06 14:28:59

Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулж байна.

Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Энэ хүрээнд “Нэг үндэстэн-Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны зургаадугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.

”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.

Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал амжилттай зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй