Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар хэлэлцэв.
Энэ үеэр салбарын яамнаас Монгол Улсын Засгийн газрын аялал жуулчлалын бодлого, хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, 2025 онд Монгол Улс 846 мянган гадаадын жуулчин хүлээн авч, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлснийг онцлон дурдав.
Мөн дотоодын 1.3 сая жуулчны урсгал 400 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосныг мэдээллээ. Цаашид энэхүү өсөлтийг хадгалж, 2030 он гэхэд гадаадын жуулчдын тоог 2 саяд, салбарын экспортын орлогыг 4 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг дурдлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн 2026 онд ашиглалтад орох “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын хүрээнд байгуулах “Дижитал музей”-н төслийн талаар санал солилцов.
Уг төсөл нь Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн технологийн шийдлээр олон улсад сурталчлах, музейн менежментийг олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэж байгааг талууд онцоллоо.
Үүний зэрэгцээ Засгийн газраас баталсан 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд “Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар албан ёсны хүсэлтийг Сангийн яамаар дамжуулан хүргүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд талууд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, түншлэлийн хүрээг цаашид өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
| Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.