Шууд Chart

Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав

2026-05-23 09:33:51

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Евразийн эдийн засгийн комисс хамтран цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Евразийн эдийн засгийн комиссын зүгээс ЕАЭЗХ-ны бүх гишүүн улс тус хэлэлцээрийг дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон баталж, шаардлагатай дотоод процедурыг бүрэн дуусгасныг мэдэгдсэн албан ёсны ноот бичгийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваад гардуулан өгөв.

Үүний дагуу “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдэгдэл”-д нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон нөгөө талаас Евразийн эдийн засгийн комиссыг төлөөлж тус комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдаа хариуцсан сайд А.А.Слепнев нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хэлэлцээрийг 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг албан ёсоор баталгаажууллаа.

Энэ үеэр талууд “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хамтарсан замын зураглал”-ыг баталгаажуулж, тус замын зураглалын дагуу хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагууд, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсад суугаа Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар байлцлаа.


Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй