Монгол Улсын Далайн захиргаа нь SMART-C LC/LP төслийн хүрээнд НҮБ-ын Олон улсын далайн байгууллага (IMO)-ын төлөөлөгчдийг хүлээн авч, төслийн үйл ажиллагаа, сургалт, техникийн уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори болон бусад мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж, Хөвсгөл нуурын экосистем, усны орчны бохирдол, судалгааны өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Далайн захиргаан дээр IMO-ийн төлөөлөгчдийн оролцоотой 3 өдрийн сургалт, техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд сургалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгал, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ЭША, доктор (Ph.D.) Б.Эрдэнэбаяр “Хөвсгөл нуурын усны орчны судалгаа, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл танилцууллаа.
Монгол Улсын Далайн захиргаа нь Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага болон дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна.
SMART-C LC/LP төсөл нь 2024-2029 оны хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр, НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын зохицуулалтаар хэрэгжинэ.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын ёроолын бүтэц, байршлыг орчин үеийн өндөр нарийвчлалтай технологиор судалж, бохирдол, хог хаягдал, живсэн техник хэрэгслийн байршлыг тогтоох иж бүрэн судалгааг хийхээр төлөвлөж байна гэж Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ.

| Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах чиглэлд олон улсын хамтын ажиллагаа өргөжиж байна | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.