Шууд Chart

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөө, устөрөгчийн стратегийн төслийг хэлэлцлээ

2026-05-22 18:09:13

Эрчим хүчний сайдын дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөлийн хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр эрчим хүчний салбарын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслүүдийг хэлэлцэв.

Тодруулбал, Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөний болон Устөрөгчийн стратегийн төслийг танилцуулж, зөвлөлийн гишүүд эдгээр төслийн зорилго, хэрэгжилтийн үе шат, олон улсын хөгжлийн чиг хандлага, үндэсний эрчим хүчний тогтолцоотой уялдуулах асуудлын хүрээнд санал солилцлоо.

Хурлын үеэр дулаан хангамжийн асуудлыг стратегийн баримт бичигт илүү тодорхой тусгах, ухаалаг сүлжээний хөгжлийн зорилт, хэрэгжүүлэх хугацаа, үе шатыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай талаар зөвлөлийн гишүүд санал, зөвлөмжөө илэрхийллээ. Мөн эрчим хүчний салбарын шилжилтийн хүрээнд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтэц зэрэг салбар дундын технологийн үзүүлэх нөлөөллийг бодлогын түвшинд илүү тодорхой тусгах шаардлагатайг онцлов. Ялангуяа дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй нөхцөлд эрчим хүчний эрэлтийн өсөлт, системийн найдвартай ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн уялдаа, эрчим хүчний үр ашиг болон ухаалаг удирдлагын шийдлүүдийг стратегийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилт, шинэ технологи болон инновацын шийдлийг үе шаттай нэвтрүүлэх асуудлыг стратегийн түвшинд цогцоор нь тусган хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг тодотгов. Хурлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, стратегийн баримт бичгийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэн танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөө, устөрөгчийн стратегийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй