Шууд Chart

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах дэслэгч Б.Ууганбаяр хүртлээ

2026-05-21 14:55:16

Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 119 жилийн ойн энэ өдөр түүний нэрэмжит шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад боллоо.

Тус шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Сургалтын албаны дарга, ахлах дэслэгч Б.Ууганбаяр хүртсэн юм.

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Эх оронч байна гэдэг түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх төдий бус, Эх орныхоо төлөө амьдрахын нэр юм” гэж Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт хэлсэн байдаг. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хурандаа генерал С.Равдан эх орныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн явсан, мөн амьдралаа ч бүрэн зориулж иржээ гэдгийг түүний туулсан замнал, бүтээсэн түүхээс нь өнөө ч бид харж болно.

Тэрээр олон байгууллагын эх суурийг тавилцсаны дотор гамшгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийг бэлтгэх, тэдгээрт ард иргэдийг сурган дадлагажуулах гээд нийтийг хамарсан иргэний хамгаалалтын тогтолцооны анхны шанг татаж, Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоог төлөвшүүлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт удирдагч болохыг өнөөдөр бахархан дурсахад таатай байна" гэлээ.

 

Энэ үеэр тус арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчдөд албаны хэмжээнд ашиглаж байгаа багаж, хэрэгсэл, техник, төхөөрөмж, эрэлч нохойн болон шүхрийн үзүүлбэрийг танилцуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

 

Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газрын анхны даргаар ажиллаж байсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдан нь Монгол Улсын анхны 11 генералын нэг юм. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноос хойш түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналаар тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай.


Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах дэслэгч Б.Ууганбаяр хүртлээ  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй