Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийг Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Хуулийн төсөлд хүүхдийн сайн сайхан байдал, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгажээ.
Тухайлбал, гэр бүлийг дэмжих хүрээнд шууд мөнгөн дэмжлэг олгох, орон сууц болон татварын дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хуульчлахаар тусгасан байна.
Мөн хүүхэдтэй залуу гэр бүл болон гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах зохицуулалт тусжээ. Түүнчлэн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах замаар орон байртай болгох арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлд ажил, амьдралын тэнцвэрийг хангах зохицуулалтууд мөн багтжээ. Тухайлбал, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ эсвэл зайнаас ажиллах боломж бүрдүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэхээр заасан байна.
Мөн байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт тусжээ.
Түүнчлэн жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээжийн тэтгэмж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн дэмжлэгүүдийг хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж, “Гэр бүлийг дэмжих тухай” хуулиар зохицуулахаар тусгасан байна.
| “Гэр бүлийг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.