Шууд Chart

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

2026-05-20 15:07:53

Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.

Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.


Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй