Шууд Chart

Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн талбайд үзлэг, хяналт явууллаа

2026-05-18 16:54:38

 Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд автозамын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд батлагдсан үзлэгийн хуудас, хяналтын удирдамжийн дагуу төслийн талбайд төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг зохион байгуулж, сар тутмын тогтмол хяналтын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хяналт, шалгалтыг НТУГ-ын Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн албаныхан болон холбогдох хүмүүс танилцлаа.

Энэ хүрээнд барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанарын хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хугацааны хэрэгжилт, талбайн зохион байгуулалт болон холбогдох баримт бичгийн бүрдэлд иж бүрэн үнэлгээ хийлээ.

Үзлэгийн дүнд илэрсэн асуудал, зөрчил, эрсдэлийг тухай бүр бүртгэн, залруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт болон бүтээн байгуулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр гүйцэтгэгч болон холбогдох нэгжүүдэд зөвлөмж, үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын найдвартай нөхцөлийг хангах хүрээнд авто зам, явган зорчигчийн зам, дугуйн зам болон, явган хүний гүүрэн гарц зэргийг ашиглалтад бэлтгэн ажиллаж байна. 

Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм.

“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 21 хувьтай байна. Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.  


Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн талбайд үзлэг, хяналт явууллаа   
Үзсэн: 38 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй