Шууд Chart

Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүллээ

2026-05-17 15:47:50

Монгол Улсын Засгийн газрын   2024-2028-ны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Чойр-Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ (2026.05.17) өнөөдөр боллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө”, мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд Чойр, Замын-Үүд чиглэлийн 435.3 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингээд Зам, тээврийн яамнаас 2 үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Чойр-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын авто замын төсөл өнөөдөр ийнхүү эхэлснээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт хэрэгжих үндэс болж байгааг дуулгахад таатай байна. Товчоор хэлбэл, бид Азийн замын эхлэлийг тавьж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг төсөл болох боломжтой гэж үзэж байна. Учир нь улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргаж барих нь өрийн дарамт нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин энэхүү төсөл нь дээрх эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс шууд хөрөнгө, ажиллах хүч гаргахгүйгээр 30 жилийн дараа стандартын шаардлага хангасан, иж бүрэн их засвар хийгдсэн авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах нөхцөлөөрөө онцлог юм.

Зам, тээврийн яамнаас цаашид их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан ийм төрлийн авто замын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн онцоллоо.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК нь 435.3 км авто замыг 7 хэсэгт хуваан, өөрсдийн 7 зам ангийг ажиллуулж гүйцэтгэхээр болсон байна.


Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 3 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй