Шууд Chart

Японы хөрөнгө оруулагчдыг урилаа

2026-05-16 13:24:47

Япон Улсын Токио хотноо “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүү” хөрөнгө оруулалтын форум боллоо.

Уг форумыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа нээж үг хэлэв.

Тэрбээр “Япон Улс нь манай орны шилжилтийн хүндрэлтэй цаг үед тухайлбал, 1995-2008 онд “ДЦС-4” ТӨХК-ийн I, II ээлжийн шинэчлэлийн төслүүд, мөн 2014-2018 онд станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт бодитой хувь нэмэр оруулж, тухайн үеийн эрчим хүчний хямралыг даван туулахад үнэтэй дэмжлэг үзүүлснийг онцлон тэмдэглэж байна.

Энэ ташрамд, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, шинэчлэл, эрчим хүчний шилжилтийн хүндрэлтэй цаг үед цагаа олсон, тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Засгийн газар болон хамтран ажилласан байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хоёр орны Засгийн газар болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын хүрээнд олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа улам өргөжиж, тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн зорилтыг хэрэгжүүлэх агуулгаар баяжигдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарыг тогтвортой хөгжүүлэх хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар нэмэгдүүлэх, эх үүсвэрийн бүтцийг төрөлжүүлэх, цэвэр технологид үе шаттай шилжих дунд, урт хугацааны зорилт тавин ажиллаж байна.

Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний дотоод хэрэглээгээ хангаж, цаашид бүс нутгийн цэвэр эрчим хүчний чухал тоглогч болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Манай улс жилд 300 гаруй хоног нартай, салхины өндөр нөөцтэй бүсүүдтэй бөгөөд энэ нь нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон устөрөгч, ногоон аммиак зэрэг ирээдүйн эрчим хүчний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, засаглалыг сайжруулах, ил тод, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс зөвшөөрөл авах шат дамжлагыг бууруулах чөлөөлье санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгож эхлээд байна.

Япон Улс нь дэвшилтэт технологи, өндөр стандарт, найдвартай түншлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг билээ. Монгол Улсын Засгийн газар дараах чиглэлүүдээр Япон Улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Үүнд: Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд (нар, салхи, усан цэнэгт цахилгаан станцууд), эрчим хүч хадгалах батарей хуримтлуур, ногоон устөрөгч, аммиакийн үйлдвэрлэл экспорт, эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэл, эрчим хүчний үр ашиг, дэвшилтэт технологи зэрэг чиглэл багтаж байна.

Энэхүү уулзалт нь хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бодит төслүүдийг эхлүүлэх чухал эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулж, харилцан ашигтай, урт хугацааны тогтвортой түншлэлийг хамтдаа хөгжүүлэхийг урьж байна. Өнөөдрийн уулзалт бодит төслүүдийг эхлүүлэх чухал үе шат болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүллээ.

Япон Улсын Гадаад худалдааг дэмжих агентлаг болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газраас хамтран зохион байгуулсан энэхүү форумд хоёр орны 300 орчим хөрөнгө оруулагч оролцов гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


Японы хөрөнгө оруулагчдыг урилаа  
Үзсэн: 27 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй