Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.
АШУҮИС нь бүрэлдэхүүн 8, орон нутаг дахь харьяа 3 сургууль, судалгааны нэгжтэй. 800 орчим багш, ажилтан, 16 мянга гаруй оюутантай, эрдэм оюуны томоохон төв юм.
Хүн амын амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэг, ур чадвар, зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа АШУҮИС-ийн үе үеийн эрдэмтэн багш, хамт олон, төгсөгчдөд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Тэрбээр, эрүүл мэндийн салбарын гол тулгуур болсон тус сургууль дэлхийн шилдэг их сургууль болох алсын хараа, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт манлайлах зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа онцоллоо.
Ерөнхийлөгч өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.



Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилга, дэмжлэг, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөр нь боловсролын салбарын хөгжилд үр дүн авчирч байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Тухайлбал Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр эхлүүлсэн АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт ойрын хугацаанд дуусаж, ашиглалтад орно.
Энэ төв олон улсын стандартад нийцсэн сургалт, судалгааны орчин, сувилахуйн тасралтгүй сургалт, мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, эмнэлзүйн ур чадварын дуураймал орчин бүхий үнэлгээний төв, мэргэшүүлэх цахим сургалтын төвтэй байх юм.



Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл байгуулж, уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна.
АШУҮИС-ийн харьяа “Эрхэс” уламжлалт анагаахын 100 ортой сувилал нь сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дадлагын суурь бааз болох төдийгүй уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Шинэ хичээлийн жилээс Уламжлалт анагаах ухааны шавь сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах болжээ.
Ерөнхийлөгч захирамж гарган хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг ажиллуулж байна.
Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орсон бол Уламжлалт анагаах ухааны үндэсний төвийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа.
Хангайн бүсийн аймгуудад сувилагч, эмнэлгийн мэргэжилтний дутагдлыг арилгах зорилгоор Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Архангай аймагт АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” байгуулсан.
Энэ цогцолбор сувилагч, уламжлалт анагаахын сувилагч, эм найруулагч, нүүр амны техникч, нүүр, амны эрүүл ахуйч, эмнэлзүйн лабораторийн технологич, дүрс оношлогооны техникч бэлтгэдэг юм.



АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн салбар Шүдний эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн салбар, Уламжлалт анагаах ухааны клиник Хангайн бүсийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Ерөнхийлөгчийн санаачилгаар 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгыг удахгүй ашиглалтад хүлээн авна.
2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна. АШУҮИС энэ хөтөлбөрийн хүрээнд эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүйн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх юм.
АШУҮИС эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг дангаараа бэлтгэдэг.
Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, АШУҮИС уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа, инновацыг эрчимжүүлэх, сургалт, хүний нөөц бэлтгэх, эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Нянзаадарын Даваасүрэн, Микробиологийн тэнхимийн ахмад багш, профессор Цэрэндоржийн Дагвадорж нарт Гавьяат эмч, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Хасагийн Алтайсайханд Хүний гавьяат эмч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.











| АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна | ||
| Үзсэн: 28 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.