Шууд Chart

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Сэлэнгэ аймгийн тариалангийн сумдад ажиллалаа

2026-05-15 14:24:38

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдын тариалалтын явцтай газар дээр нь танилцав.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгийн тариаланчид хаврын тариалалтаа эхлүүлж  тариалалтын явц жигдэрчээ. Томоохон талбай бүхий аж ахуйн нэгжүүд 2 ээлжээр 24 цагаар тасралтгүй үрэлгээ хийн ажиллаж байгаа аж.

2026 онд Сэлэнгэ аймаг нийт 212.7 мянган га-д улаанбуудай, төмс, хүнсний ногоо тариалахаас одоогийн байдлаар 25,6 мянган га талбайд үр тариа, 2,1 мянган га-д тосны ургамал, төмс 610 га-д, хүнсний ногоо 373 га-д тариалсан мэдээтэй байна. Аймгийн хэмжээнд үр тариа тариалалтын хэмжээ 19 хувьтай, төмс тарилт 25,4 хувьтай, хүнсний ногооны тарилт 4,5 хувьтай явагдаж байна.

 

Хаврын тариалалтыг цаг хугацаанд нь хүндрэлгүй явуулах, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилгоор Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-аас зээлийн эх үүсвэрийг эрт шийдэж, зээл олголтыг эрт эхлүүлсэн. Хаврын тариалалтад шаардагдах шатахууны хангалтыг цаг хугацаанд нь олгосон нь тариаланчдад чухал дэмжлэг болсон гэдгийг Сэлэнгийн тариаланчид тодотгож байв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 130-аад ААН нийт 25 тэрбум төгрөгийн зээл авчээ. Өнгөрсөн жил гантай хүнд жил тохиож ургац алдсан хэдий ч энэ жилийн тухайд өвөл цас ихтэй, газрын чийг харьцангуй сайн байгаа тул тариаланчид сэтгэл өөдрөг хаврын их ажлаа нугалж байна. Намрын ургац арвин байна хэмээн тэд найдаж байгаа учир төрөөс борлуулалтын асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байв. 

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Цагааннуур сумын ААН-үүдийн талбайд ажиллав. Тус сумын хувьд газрын чийг жигд сайн, 4, 5-р сард хур тунадас багатай байсан хэдий ч цаашид хур тунадастай байх урьдчилсан мэдээтэй учир тариаланчид өөдрөгөөр хаврын тариалалтаа эхлүүлжээ. "Атар трейд" ХХК энэ жил 3300 га-д тариалалт хийнэ. 05-р сарын 13-ны байдлаар 1000 гаран га-д улаанбуудайн тариалалт хийсэн бол нэмээд 1000 га-д улаанбуудай, 600-700 га-д тосны ургамал, 100 га-д тэжээлийн ургамал тариалахаар ажиллаж байна. "Сэлэнгэ тариа" ХХК-ийн хувьд энэ жил 6500 га-д тариалалт хийхээс одоогийн байдлаар 3000 га-д тариалалт хийсэн байна. Тус компани "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд хөнгөлттэй зээл авч 10000 тонны багтаамжтай бүрэн автомат үр тариа хадгалах агуулахын байгууламж барин бүрэн ашиглалтад оруулжээ.

Мөн цагаан нуурын хойд хөвөөнөө тариалалт хийж буй "Бургастайн хишиг" ХХК нийт 600 га-д тариалалт хийхээс явц 80 гаран хувьд хүрсэн байна.  Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Цагаан нуур суманд ажиллах үеэр Товхон Хан уулын бэлд Монгол улсын хөдөлмөрийн баатар Ж.Авирмэд энэ хаврын тариалалтаа хийж буйтай таарч, газар тариалан, хөрс хамгаалалт зэрэг сэдвээр ярилцаж, ахмадын үгийг сонслоо.

Түүнчлэн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулагч "Гэгээлэг трейд", "Арвин хур" зэрэг компаниуд харвын тариалалтын бэлтгэл ажил, тариалалтын өмнөх хөрс боловсруулалтыг бүрэн гүйцэд хийж, үрэлгээний ажил жигдрэх шатандаа явж байгаатай танилцав.

Хушаат сум нийт эргэлтийн талбайнхаа 80 гаруй хувийг хашаажуулсан

Томилолтын баг үргэлжлүүлэн энэ сарын 14-нд хушаат сумын тариалангийн бүсэд ажиллав. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг "Өгөөж Мандал Уул" ХХК хаврын их ажлынхаа тэн хагаст ороод байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Пэрэнлэй захиралтай тус компани энэ жилийн хаврын тариалалтаа 05-р сарын 04-нд эхэлжээ. Эхний ээлжинд холын талбайнуудын тариалалтаа дуусгасан эдний хамт олон өнөөдрийн байдлаар 2000 гаран га-д тариалалт хийж, нийт талбайн 60 гаруй хувьд тариалалтаа амжилттай хийгээд байна. Ч.Пэрэнлэй баатрын хувьд тариалангийн талбайгаа өөрийн хөрөнгөөр 100 хувь хашаажуулсан төдийгүй тусгайлан талбай гаргаж мод үржүүлэн 11 км урттай ойн зурвас байгуулсан үлгэр жишээ тариаланч юм. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг тэрээр энэ удаа мод үржүүлгийн талбайгаараа оруулж, шинээр үрслүүлж буй шинэхэн мод, бойжилт гүйцсэн шилмүүст модоо танилцуулж, цаашид модны суулгацаа зах зээлд нийлүүлж, өртөг зардлаа нөхөн ажиллах талаар танилцуулав.

Томилолтын баг Хушаат сумын Ар могойтод үйл ажиллагаа явуулж буй тариалангийн ААН-үүдийн талбайг зорив. Байгалийн сайхан тогтоц, уул, модод дунд байрлах эдгээр талбайнууд хашаажуулалтыг бүрэн хийснээр ургацын хэмжээ мэдэгдэм нэмэгдэж, сүрлэн бүрхүүл хийснээр хөрсний чийг сайжирсан байна. Хушаат сумын тухайд 2026 оны байдлаар тариалангийн нийт эргэлтийн талбайнхаа 80 гаруй хувийг хашаажуулснаар тариан талбайд мал орох асуудал багасаж, ургацын хэмжээ нэмэгдэх зэрэг сайн үзүүлэлтүүд гарч байгааг сумын удирдлага, тариаланчид онцолж байв.

Хушаат сумын тариаланч, "Голын өндөр" ХХК-ийн захирал Ч.Пүрэвсүрэнгийн талбайг зорин очиход үрэлгээний ажил ид явагдаж байлаа. Түүнтэй хөрш залгаа талбайд тариалалт хийж буй "Ар сэвд могойт" ХХК, тариаланч Д.Амаржаргал мөн л талбайгаа бүрэн хашаажуулсан нь маш үр дүнтэй байгааг хэлэв. Хөрсний чийг өнгөн дээрээ хүртэл сайн, нэгж талбайн ургац өссөн эерэг үзүүлэлт гарсан гэнэ. Харин талбайн ургац нэмэгдэх тусам намар хураалтын хугацаа нэмэгдэх, хавар тариалалт хийхэд мөн талбайн сүрэлний хэмжээнээс хамаарч техникд ачаалал үүсэх тохиолдол гарч байгаа учир ургац хураалтыг хаврын тариалалтаа саадгүй явагдах технологиор хийх нь чухал байна гэв.

Цаашид яамны зүгээс бордооны дэмжлэг, хашаажуулалт хийх ажлыг үргэлжлүүлэх, экспортод гаргах ургамлын төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг уулзсан ихэнх тариаланчид санал нэгтэй ярьж байлаа. Экспортын ургамлын төрлөө нэмэгдүүлчихвэл монгол тариаланчид тарьж чадна гэдгийг тэд ам бардам хэлж байсан юм. гэж Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

 


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Сэлэнгэ аймгийн тариалангийн сумдад ажиллалаа  
Үзсэн: 20 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй