Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн (2026.05.05) хуралдаанаар эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай”, цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталсны дараа дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн холбогдох танилцуулгыг хийв.
“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2026 оны 09 дүгээр тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Б.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, холбогдох тогтоол баталсанд тооцсон байна. Дэд хорооны бүрэлдэхүүнд орон гарсан тул уг асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэв. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргад холбогдох саналаа хүргүүлсэн болохыг Г.Тэмүүлэн дарга дэлгэрэнгүй танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хороонд оруулах талаар тус саналд дурджээ.
Байнгын хорооны даргын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар байр сууриа илэрхийлж, горимын санал гаргасан. Тус дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөж, долоон гишүүнтэй болгон улмаар Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн төлөөллийг хангах шаардлагатай гэж үзэж байгаа тул энэ саналаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах зорилгоор, уг асуудлыг хойшлуулах горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь уг горимын саналыг дэмжээгүй тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг оруулахыг дэмжих эсэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн. Иймд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үүгээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцдаг. Энэ хүрээндээ судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| АБГББХ: Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив | ||
| Үзсэн: 78 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.