Шууд Chart

Филиппинд Майон галт уул идэвхжиж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ

2026-05-05 12:28:28

Филиппиний Албай мужид орших Майон галт уулын идэвхжил нэмэгдэж, өтгөн үнсний үүл тархсанаар ойролцоогоор 200 мянга орчим хүн өртөж, хэдэн мянган иргэн нүүлгэн шилжүүлэгдсэн талаар албаныхан мэдээллээ.

Майон галт уул нь 2026 оны нэгдүгээр сараас эхлэн идэвхжиж, түүнээс хойш тасралтгүй хөдөлгөөн ажиглагдаж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд идэвхжил нэмэгдэж, галт уулын баруун өмнөд налуугаас халуун чулуу, үнс, хий холилдсон урсгал доошилсноор их хэмжээний үнс агаарт дэгдэн, Албай мужийн олон сууринг бүрхжээ.

Үүний улмаас зарим бүс нутагт үзэгдэх орчин эрс муудаж, замын хөдөлгөөнд саад учирсан байна. Одоогоор 5000 гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд орон нутгийн эрх баригчид хүнс, хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлж эхэлжээ.

Албаныхны мэдээлснээр хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч үнс тархсанаас хөдөө аж ахуйд хохирол учирч, мал амьтан үхсэн байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Майон галт уул нь Филиппиний хамгийн идэвхтэй галт уулын нэг бөгөөд аюулын түвшинг одоогоор гуравдугаар шатанд хадгалж байгаа аж.

Ийнхүү нөхцөл байдал намжих хандлагатай байгаа ч галт уул дахин хүчтэй идэвхжих эрсдэл хэвээр байгааг албаныхан анхааруулсан байна.


Филиппинд Майон галт уул идэвхжиж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ  
Үзсэн: 13 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй