Шууд Chart

М.Баяраа: Орон нутагт эмч, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал

2026-05-02 13:40:15

Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
 
Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Орон нутагт шаардлагатай төрийн албан хаагч, тэр дундаа эмч багш нарыг тогтвор суурьшилтай, ая тухтай амьдруулах нь их чухал. Нөгөө талаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийг орон нутагтаа амьдрах боломжийг хангах бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ хүрээнд сумдад 8, 15 айлын орон сууцуудыг барьж байна. Өнөөдөр Эрдэнэдалай суманд 8 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Одоогийн байдлаар барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" хэмээн онцоллоо.
 
УИХ-ын 2024 оны "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" 64-р тогтоолын 01-р хавсралтад заасан орон нутгийн хөгжлийн төвөөс төсөл хэрэгжих газар нь шийдэгдэх боломжтой, мөн инженерийн дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөний бэлэн байдал, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын сайд 2025 оны 21-р тушаалаар төсөл хэрэгжих сумдын жагсаалтыг баталсан билээ.
 
Уг жагсаалтад багтсан сумдаас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар орон нутгийн хөгжлийн төв суурин газраар тогтоогдсон сумын төвд 15, бүсийн хөгжлийн төв суурин газарт таталцах сумдын төвд 8 айлын орон сууцыг барьж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар 12 суманд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бол 19 сумын хөрөнгө оруулалт шийдэгдэж, гэрээний ажил явагдаж байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

М.Баяраа: Орон нутагт эмч, багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй