Шууд Chart

ӨНӨӨДӨР: Олон улсын жазз хөгжмийн өдөр тохиож байна

2026-04-30 07:11:56

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий даяар Олон улсын жазз хөгжмийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг ЮНЕСКО 2011 онд санаачлан зарлаж, 2012 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүр дэлхийн олон хотод төв арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай.

Жазз хөгжим нь XX зууны эхэн үед АНУ-ын өмнөд бүс нутгаас үүсэлтэй бөгөөд африк гаралтай америкчуудын соёл, амьдралын илэрхийлэл болон хөгжсөн урлаг юм. Импровизаци, чөлөөт сэтгэлгээ, харилцан “яриа” бүхий аялгуу нь жаззыг онцгой болгож, дэлхий дахинд түгэн дэлгэрэхэд нөлөөлжээ.

Жазз хөгжмийн “алтан үе” гэж нэрлэгддэг 1920-1960-аад онд энэ урсгал оргилдоо хүрч, дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ эрин үеийг нээсэн гэж үздэг. Энэ үед Луис Армстронг,  Дюк Эллингтон, Чарли Паркер, Майлз Дэвис зэрэг домогт уран бүтээлчид жаззыг хөгжүүлж, шинэ урсгал, хэв маягуудыг бий болгосон юм. Тэдний уран бүтээл нь зөвхөн хөгжмийн хүрээнд төдийгүй нийгэм, соёлын өөрчлөлтөд ч нөлөө үзүүлсэн гэж судлаачид онцолдог.

Ялангуяа биг-бэндийн эрин үе, бибоп урсгал, улмаар модерн жаззын хөгжил нь жазз хөгжмийг илүү нарийн, гүн гүнзгий уран сайхны хэлбэрт хүргэсэн байдаг. Энэ нь жаззыг зугаа цэнгэлийн хөгжим төдийгүй өндөр түвшний уран бүтээл, судалгааны объект болгож өргөжүүлжээ.

Олон улсын жазз хөгжмийн өдрийн зорилго нь энэ урлагийн үнэ цэнийг олон нийтэд таниулахын зэрэгцээ энх тайван, соёл хоорондын харилцан ойлголцлыг дэмжихэд оршдог. Энэ өдөр дэлхийн улс орнуудад тоглолт, боловсролын хөтөлбөр, хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагддаг.

Сүүлийн жилүүдэд жазз хөгжим уламжлалт хэв маягаа хадгалахын зэрэгцээ орчин үеийн хөгжмийн урсгалуудтай уялдан шинэ өнгө төрхийг бий болгож байна. 

Ийнхүү Олон улсын жазз хөгжмийн өдөр нь хөгжимөөр дамжуулан дэлхийн улс орнуудыг холбож, ялгаатай соёл, үзэл санааг нэгэн аялгуу дор нэгтгэх утга агуулгатайгаар тэмдэглэгдэж байна.


ӨНӨӨДӨР: Олон улсын жазз хөгжмийн өдөр тохиож байна  
Үзсэн: 48 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй