Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Прокурорын байгууллага 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 77 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 57 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 20 хэрэг байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох 6 хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл:
-.Ж.Г нь ... дүүргийн татварын хэлтсийн даргын, Д.Б нь захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн төсвийн хөрөнгөөс 107 сая төгрөгийг нэр бүхий 17 албан хаагчид шагнал, урамшуулал хэлбэрээр олгож, улмаар 15 алба хаагчаас 40,1 сая төгрөгийг буцаан авч, 17,7 сая төгрөгийг байгууллагын арга хэмжээнд зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Ж.Г нь 22,3 сая төгрөгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал үүсгэж, төсөвт их хэмжээний буюу 107 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нараар нийт 51 сая төгрөгийг төлүүлж, иргэний хариуцагч нараас 38,5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
- Д.Д нь ... газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гадаадад зорчих эрх нь түдгэлзсэн З.Б-ээс гадаад улсад зорчин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг хүлээн авч, эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад нь гадаад зорчих эрхээ сэргээлгэх боломжийг бүрдүүлж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бусдаар дамжуулан бэлнээр 600 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Д-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, З.Б-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж 5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;
- С.Д нь ... дүүргийн ... хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн шалгаж байсан хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хохирогчид шилжүүлэх нэрийдлээр өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс С.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
- Б.Д нь ...дүүргийн ... хорооны “Э..." өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024-2025 онд байгууллагын төсвөөс нийт 194 сая төгрөгийг хувьдаа зарцуулж, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,7 сая төгрөгийн торгох ял оногдуулж, хохирол бүрэн төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
- Б.М нь ...дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.
- Б.Ж нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүнээр ажиллаж байхдаа “Н...” ХХК-ийн захиалгаар “Т...” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй орон сууцны барилгад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, биелэлт тооцох хуудсанд гарын үсэг зурж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, Б.Б-ээс 600 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.Ж-г нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, Б.Б-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
Авлигын талаарх ойлголт:
"Авлига" гэж авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ.
Авлигын гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлан тодорхойлсон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх гэсэн 3 төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.
Авлигад хүлээлгэх хариуцлага:
Авлигын гэмт хэрэг нь нийгэмд ноцтой үр дагавар учруулдаг учир 20 хүртэлх жилээр хорих ялаар, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хасахаас гадна, ашиг сонирхлын зөрчил болон хуульд заасан хэм хэмжээг зөрчвөл ажлаас халах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай.
| Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.