Шууд Chart

Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ

2026-04-29 07:57:50

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд нийтийн өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах, шийдвэрлэлтийн талаар мэдээлэх журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн байна. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргалын танилцуулснаар Өргөдлийн байнгын хороонд ирсэн бүх өргөдөл, гомдлыг 14 хоногийн дотор нийтийн цахим системд байршуулж, ил тод болгох, шийдвэрлэлтийн явцыг тогтмол мэдээлэх, иргэд өөрсдөө хүсвэл хуралдаанд оролцож асуудлаа танилцуулах боломж бүрдүүлэхээр тусгажээ.

Мөн энэхүү журмыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон байна.

Хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд нийт 341 мянга гаруй өргөдөл, гомдол ирснээс 94.1 хувийг нь шийдвэрлэсэн бөгөөд 5300 байгууллага нэгдсэн цахим системд холбогдсон байна.

Гэсэн ч нэг асуудлаар олон байгууллагад давтан хандах, шийдвэрлэх боломжгүй асуудлаар дахин өргөдөл гаргах нь нийт тоог өсгөж, шийдвэрлэлтийн чанарт нөлөөлж байгааг албаныхан онцоллоо. Иймд “нэг хүсэлт–нэг шийдвэрлэлт” зарчмыг баримтлан нэгдсэн цахим системийг нэвтрүүлээд байгаа аж.

Иргэдийн өргөдөл, гомдлын дийлэнх нь боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт хамаарч байгаа бөгөөд боловсролын зээл, тэтгэвэр, халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, барилга, орон сууцтай холбоотой асуудлууд зонхилж байгааг дурдсан.

Хуралдааны үеэр гишүүд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанарыг сайжруулах, иргэдэд хүргэх хариуг тодорхой болгох, Байнгын хороо сар бүр энэ асуудлыг хэлэлцэж байх шаардлагатайг онцолсон байна.

Үргэлжлүүлэн хууль, тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэхэд 2025 оны байдлаар нийт заалтын 58.6 хувь бүрэн хэрэгжсэн ч 41.4 хувь нь дутуу хэрэгжсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнд зохион байгуулалт, санхүүжилт, чиг үүргийн тодорхойгүй байдал нөлөөлж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Мөн хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, давхардлыг бууруулах, хиймэл оюунд суурилсан хяналт-шинжилгээний систем нэвтрүүлэх шаардлагатайг онцлов.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэдийн өргөдөл зарим тохиолдолд шийдвэрлэгдэхгүй удааширч, улмаар олон байгууллагад давхар илгээх нөхцөл үүсэж байгааг тэмдэглээд иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд анхаарах шаардлагатайг хэллээ.


Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй