Шууд Chart

АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг

2026-04-27 10:33:01

“Climate Power” болон “Public Citizen” нэгдсэн тайлан: Трампын эрчим хүчний салбарын хандивлагчид Америкчуудын зардлаар ашиг олж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлсэн эрчим хүчний бодлогоос болж өрхийн цахилгаан, дулааны төлбөр өсөж, Ирантай холбоотой дайны улмаас шатахууны үнэ огцом нэмэгдэж байгаа энэ үед эрчим хүчний салбарын хандивлагчид их хэмжээний ашиг олж байгааг “Climate Power” болон “Public Citizen” байгууллагын гаргасан тайланд харуулжээ. Трамп “Цахилгааны төлбөрийг хоёр дахин бууруулж, Америкийг нэгдүгээрт тавина” гэж амласан ч бодит байдалд хэрэглээний төлбөр 13 хүртэл хувиар өсөж, Ирантай холбоотой дайн найм дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Трамп албан тушаалд очсон цагаасаа эхлэн америкчуудад өгсөн амлалтаасаа илүүтэй өөрийн тэрбумтан дэмжигчдийг илүүд үзэж ирсэн. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрээр Мар-а-Лагод нефть, хийн салбарын тэрбумтнуудыг цуглуулж, кампанит ажилдаа 1 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн бөгөөд үүний хариуд тус салбарын хүссэн бодлогыг хэрэгжүүлэхээ амласан байна. Энэхүү тайланд Трамп тухайн амлалтаа хэрхэн хэрэгжүүлснийг харуулжээ. Тэрээр эрчим хүчний өрсөлдөөнийг сулруулж, нүүрсний салбарыг хэрэглэгчдийн зардлаар дэмжиж, мөн Ирантай холбоотой дайныг өдөөсөн. Энэ бүхний үр дагаварт америкчуудын хэрэглээний төлбөр огцом өсөж, шатахууны үнэ өндөр хэвээр удаан хугацаанд байснаар ард иргэдэд дарамт учруулж байна.

“Авлига өндөр төлөөстэй, Трамп эрчим хүчний салбар дахь авлигын “алтан үе”-ийг эхлүүллээ” хэмээн “Climate Power” байгууллагын ахлах зөвлөх Жесси Ли мэдэгджээ. Мөн “Трамп нефтийн үнэ өсөхөд бид их мөнгө олдог гэж баярлан ярьснаараа бүх зүйлийг ил болгосон. Нефть, хийн салбарын удирдлагууд түүний улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлсээр байна” гэжээ.

“Трамп сонгуулийн дараах хэдхэн цагийн дотор сонгогчдод өгсөн “12 сарын дотор эрчим хүч, цахилгааны үнийг хоёр дахин бууруулна, зөвхөн бизнесүүдэд биш, бүх америкчууд болон тэдний гэр бүлд” гэсэн амлалтаасаа ухарсан” гэж “Public Citizen” байгууллагын Эрчим хүчний хөтөлбөрийн захирал Тайсон Слокум мэдэгдсэн. Тэрээр Трампын популист дүр төрхийг бодит байдалд зүгээр нэг жүжиг байсан хэмээн тодорхойлоод “Түүний жинхэнэ зорилго нь эрчим хүчний бодлогыг нүүрсний компаниуд болон том технологийн корпорациудад шилжүүлэх явдал байсан” гэж онцолжээ. Мөн эрчим хүчний төлбөрөөс болж хүнд байдалд орсон айл өрхүүдийг үл тоомсорлож, амьжиргааны өртгийн талаарх сонгогчдын санаа зовнилыг хуурамч гэж үгүйсгэн, үнийн дарамтыг огт байхгүй зүйл мэтээр тайлбарласныг буруутган шүүмжилсэн. Тайсон Слокумын хэлснээр Трамп албан тушаалд очсоноос хойш эрчим хүчний төлбөр огцом өссөн нь үнэ нэмэгдүүлдэх бодлого хэрэгжүүлж, харин үнэ бууруулах боломжтой төслүүдийг зогсоосонтой холбоотой юм.

Тайлангийн дүгнэлтэд дурдсанаар:

  • Ерөнхийлөгч Трампын Ирантай холбоотой дайн шатахууны үнийг нэг галлон /3.7 литр/ нь 4 ам.доллараас давуулахад хүргэж, америк өрхүүдийн ахуйн эрчим хүчний төлбөр огцом өссөнөөр иргэдийн санхүүгийн байдалд аль хэдийн хүчтэй дарамт учруулжээ. Үүний зэрэгцээ Трамп улс даяар цэвэр эрчим хүчний төслүүдийг зогсоох, шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний салбарыг хэрэглэгчдийн зардлаар дэмжих замаар нефть, хий, нүүрсний салбар дахь өөрийн хандивлагчдын ашиг сонирхлыг хангаж байна.
  • Олон жилийн турш нефтийн салбар цахилгаан автомашины (EV) хөгжлийг аюул гэж үзэж ирсэн бөгөөд Трамп кампанит ажлынхаа үеэр нефтийн компанийн удирдлагуудын хүссэн бодлогыг хэрэгжүүлэхээ амлаж, үүнийхээ төлөө нэг тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн. Энэ амлалтад Америкийн цахилгаан автомашины салбарыг сулруулах бодлого ч багтаж байв. Одоо Ирантай холбоотой дайн дэлхийн нефтийн үнийг өсгөж, нефтийн салбарт ойролцоогоор 63 тэрбум ам.долларын гэнэтийн ашиг авчирч байгаа энэ үед уг бодлогын сөрөг үр дагавар улам тодорхой болж байна.
  • Цаашид эдгээр зардал нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд Трамп технологийн компаниудыг өгөгдлийн төвүүдээ хий болон нүүрсээр эрчим хүчээр хангахыг шахаж эхэлсэн байна. Далласын Холбооны Нөөцийн банкны хийсэн шинжилгээгээр цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийг хязгаарлах тус бодлого нь өгөгдлийн төвүүдийн өргөтгөлөөс үүдэх инфляцын нөлөөг хоёр дахин нэмэгдүүлэхээр байна.

 

Хөрөнгө оруулагчдын зүгээс Трампын улс төрийн үйл ажиллагаанд өгсөн хандив

Трампын үед гарсан үнийн өөрчлөлт

Трампын үед олсон гэнэтийн ашиг

Байгалийн хий

(Natural Gas)

56 сая ам.доллар

Өрхийн хэрэглээний байгалийн хийн үнэ 12 хувиар өссөн, мөн цахилгаан үйлдвэрлэлд ашиглах байгалийн хийн өртөг 69 хувиар нэмэгдсэн

Трампын LNG экспортын бодлого нь 2025 оны эхний жилд өрхүүдэд 16 тэрбум ам.долларын зардал учруулсан (Public Citizen, 2026.03.27)

Нүүрс

(Coal)

5.2 сая ам.доллар

АНУ-ын нүүрсний үнэ бүс нутгаас хамааран 39 хувь хүртэл өссөн

Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 13 хувиар өссөн (Politico, 2026.03.10)

Нефть

(Oil)

74 сая ам.доллар

Нефтийн үнэ 35 хувиар өссөн, улсын дундаж шатахууны үнэ 1.05 ам.доллараар нэмэгдсэн

Трампын Ирантай холбоотой дайнаас үүдэлтэй нефтийн салбарын гэнэтийн ашиг 63 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна (Financial Times, 2026.03.14)

Трампын хэрэгжүүлсэн эрчим хүчний бодлого нь олон нийтэд өгсөн амлалтаас зөрж, улс төрийн санхүүжилт үзүүлэгчдийн ашиг сонирхолд илүү нийцсэн байдлаар хэрэгжсэн гэж тайланд үзэж байна. Үүний үр дүнд эрчим хүчний өрсөлдөөн сулран, нефть, хий, нүүрсний салбарын ашиг нэмэгдэхийн зэрэгцээ америк өрхүүдийн эрчим хүчний зардал, шатахууны үнэ мэдэгдэхүйц өссөн байна. Тус нөхцөл байдал нь бодлогын шийдвэрүүд хувийн ашиг сонирхолд үйлчилсэн тохиолдолд үүсэх эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагаврыг харуулсан, өөрөөр хэлбэл авлигын өртгийн бодит жишээ болж байна.

Эх сурвалж: https://climatepower.us/news/new-joint-report-trump-and-the-cost-of-energy-corruption/


АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй