Вашингтон хотноо өнөөдөр болсон Цагаан ордны сурвалжлагчдын уламжлалт зоогийн арга хэмжээний үеэр зэвсэгтэй этгээд хамгаалалтын шалган нэвтрүүлэх бүсийг зөрчихийг оролдож, буун дуу гарсан талаар албаныхан мэдээллээ.
Уг үйл явдал тус хотын Вашингтон Хилтон зочид буудал орчимд болсон бөгөөд сэжигтэн шалган нэвтрүүлэх цэг рүү ойртон нэвтрэхийг завдсан байна. Энэ үед хамгаалалтын алба шуурхай арга хэмжээ авч, газар дээр нь саатуулжээ.
Албаныхны мэдээлснээр буун дуу гарсан бөгөөд хамгаалалтын албаны нэг ажилтан суманд өртсөн ч хамгаалалтын хантаазны ачаар амь насанд нь аюул учраагүй, биеийн байдал тогтвортой байна.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арга хэмжээнд оролцож байсан бөгөөд түүнийг шуурхай нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг бүрэн хангажээ.

АНУ-ын Нууц албаны дарга Шон М.Карран мэдэгдэхдээ, тухайн орой хамгаалалтын албаныхан хамгаалалтад авсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын төлөө өдөр бүр хийдэг ажлаа бүрэн хэмжээнд гүйцэтгэсэн гэдгийг онцоллоо. Тэрбээр хамгаалалтын олон давхар тогтолцоо бодитоор ажиллаж, шалган нэвтрүүлэх цэг рүү дайрсан этгээдийг шуурхай баривчилсан нь энэ тогтолцоо үр дүнтэй байгааг харуулсан гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр хамгаалалтын ажиллагаанд хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлж, ийм төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурджээ.
Хэрэг явдлын дараа хамгаалалтын бүсийг бүрэн хяналтад авч, оролцогчдыг түр хугацаанд хамгаалалтад байлгасан бөгөөд нөхцөл байдал тогтворжсон байна. Одоогоор сэжигтнийг баривчилж, уг үйлдлийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
| АНУ: Зэвсэгт этгээд хамгаалалтын бүс нэвтрэхийг оролдож, буун дуу гарлаа | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.