Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог.
Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий.
Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. Энэ бол “Protein Mongolia” ясны үйлдвэр.
Эднийх ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. “Protein Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа “Protein Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Сайдын хувьд малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор эдний үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж ирсэн нь энэ юм.
Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. “Түмэн шувуут”, НВЦ, “Баян” гээд томоохон шувууны аж ахуйнууд “Protein Mongolia” үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.
Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд. Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг “Protein Mongolia” ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Protein Mongolia” ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ.
Сайд мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална гэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


| Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна | ||
| Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.