Шууд Chart

ОУХМ Б.Марал-Эрдэнэ улирлын нээлтийн уралдаанд түрүүллээ

2026-04-19 09:22:45

Монголын Дугуйн Холбооны 2026 оны засмал замын дугуйн улирлын нээлтийн уралдаан болж, шилдгүүддээ шалгарууллаа. Тэмцээн өсвөр, бага наснаас эхлээд залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гээд бүх насныхныг хамран оролцуулж чадсанаараа онцлогтой. Насны ангиллаас гадна сонирхогчид, мастер, элит гэсэн ангиллуудад нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдаж, 23 багц медалийн эздийг тодруулжээ. 

Эрэгтэйчүүдийн элит ангилалд Үндэсний шигшээ баг, “CATCO” клубийн тамирчин, ОУХМ Б.Марал-Эрдэнэ тэргүүн байрт шалгарч аварга боллоо. Ази тивийн аварга Б.Марал-Эрдэнэ олон улсад Тайландын “Roojai” мэргэжлийн багт уралдаж байна. Удахгүй тэрээр Узбекистан улсыг зорьж, олон улсын томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. 

Элит ангиллын уралдааны хувьд 3.2 км замыг 10 тойрч, нийт 32 км зайд уралдахад Б.Марал-Эрдэнэ 47:54.93 секундийн хугацаанд замаа дуусгажээ. Ялагч сүүлийн тойрогт, сүүлийн мөчид тодорсон энэ ангиллын мөнгөн медалийг Б.Батбаатар (CATCO), хүрэл медалийг Х.Тэмүүлэн (Төв Ургац) нар хүртлээ. Тэд тэргүүлэгчээс секунд хүрэхгүй богино хугацааны дараа барианд орсон тэнцүүхэн өрсөлдөөнтэй уралдаан болсон юм. Х.Тэмүүлэнгийн хувьд энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хошой мөнгөн медаль хүртээд байгаа элит ангиллын шилдэг залуу тамирчдын нэг билээ. 

ОУХМ Б.Марал-Эрдэнэ уралдааны дараа түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Цаг агаараас шалтгаалаад тойрог цөөрсөн учраас гараанаасаа өндөр ажиллагаатай, өндөр хурдтай, спринт уралдаан боллоо. Бороо, салхи гээд тамирчид амаргүй шалгуурыг давж уралдлаа. Багийн ажиллагаа шаардсан, ширүүн өрсөлдөөнтэй уралдаанд түрүүлсэндээ баяртай байна.” гэв.

 

Эмэгтэйчүүдийн элит ангиллын дүн: 

  1. Г.Энхжин - “CATCO” Racing team 
  2. Э.Энхмаа - “Алдар” спорт хороо
  3. Д.Эрдэнэтуяа - “Улаанбаатар” нийгэмлэг 

Монголын дугуйн холбооны холбооноос өмнөх долоо хоногт уулын дугуйн төрлийн нээлтийн тэмцээнээ хийгээд байсан бол энэ удаад ийнхүү засмал замын дугуйн улирлаа албан ёсоор нээлээ. 

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ 2026 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Монголын дугуйн холбооны хамт олон нийт 35 тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний 15 нь засмал замын дугуйн уралдаан байх болно. Тэмцээнүүдийн хувьд спорт, өрсөлдөөн гэх үндсэн агуулгаасаа гадна дугуйн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, бүх нийтийг хамруулж, өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой...” гэдгийг онцоллоо. 

Мөн дотоодын болон олон улсын тэмцээнүүдээс Монголын дугуйчид энэ онд болох Азийн зуны спортын 20-р наадам, Залуучуудын олимпын 4-р наадам, Дэлийн АШТ тэргүүтэй тив, дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авах юм. 

 

Тэмцээний өсвөр, залуучуудын ангиллын дүнг танилцуулбал: 

Охидын 12 хүртэлх нас: 

  1. С.Баярхишиг - “Алдар” спорт хороо
  2. Г.Номин-Эрдэнэт - “Хурд Эрдэнэт” 
  3. А.Уранжолоо - “Төв Ургац” 

Хөвгүүдийн 12 хүртэлх нас: 

  1. А.Энхмөнх - “Хурд Эрдэнэт” 
  2. Э.Тэмүүжин - “СХД Өсөх-Ирээдүй”
  3. Н.Мөнхжин - “Цасан зам” 

Охидын 13-14 нас: 

  1. А.Анхилуун - “Цасан зам” 
  2. Б.Өнөрцэцэг - “Шилийн богд” 
  3. Г.Нигүүлсэл - “Хурд Эрдэнэт” 

Хөвгүүдийн 13-14 нас: 

  1. Б.Даваажаргал - “Төв Ургац” 
  2. Д.Сүхбат - “Төв Ургац” 
  3. П.Лхагвадорж - “Шилийн богд” 

Охидын 15-16 нас: 

  1. Ү.Нандин-Эрдэнэ - “Төв Ургац” 
  2. Б.Бадамцэцэг - “Шилийн богд” 
  3. Б.Халиунаа - “СХД Өсөх-Ирээдүй”

Хөвгүүдийн 15-16 нас: 

  1. Б.Төгөлдөр - “Төв Ургац” 
  2. Б.Отгондалай - “Шилийн богд” 
  3. Б.Батцагаан - “Төв Ургац” 

Залуучуудын ангилал 17-18 нас охид: 

  1. Н.Энхжин - “Цасан зам” 
  2. Г.Ариунхүслэн - “Дугуйтай Сэлэнгэ”
  3. Д.Отгонзул - “Төв Ургац” 

Залуучуудын ангилал 17-18 нас хөвгүүд: 

  1. Б.Төгөлдөр - “Төв Ургац” 
  2. А.Хүслэн - “Хубилай хаан”
  3. М.Мөнхсоёл -“Хубилай хаан”
Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОУХМ Б.Марал-Эрдэнэ улирлын нээлтийн уралдаанд түрүүллээ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй