Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, эрчимтэй өрнөн, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна.
Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж, хоёр буудал болон гаражийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн системийн үндсэн бүрэлдэхүүн болох хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн ирсэн бөгөөд тус бүр нь 56 тонн жинтэй, нийт 112 тонн бүхий хоёр том дамраас бүрдэж байна. Мөн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон. Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлээр кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг БНФУ-ын ПОМА групп, түүний хамтрагч COMAG компани хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагаа, техникийн стандарт, нарийн горимыг чанд мөрдөж, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангах юм.
Одоогийн байдлаар Хархорин зах орчмоос Яармаг чиглэлийг холбосон шууд авто замын сүлжээ байхгүй тул нийтийн тээврийн үйлчилгээ Гурвалжин, Яармаг, Сонсголонгийн гүүрийн чиглэлээр тойрч явж, иргэд оргил ачааллын үед 2–3 цаг, заримдаа түүнээс ч илүү хугацааг замд зарцуулж байна. Харин дүүжин зам ашиглалтад орсноор энэ хугацааг эрс богиносгож, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах бодит шийдэл болно.
Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөлт шаардлага багатайгаас гадна байгаль орчинд ээлтэй онцлогтой. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэдэггүй бөгөөд орчин үеийн, тогтвортой тээврийн шийдэлд тооцогдож байна.
Түүнчлэн дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм.
Энэ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.
| Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна | ||
| Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.