Шууд Chart

Судан: 2023 онд эхэлсэн дайн дөрөв дэх жилдээ орлоо

2026-04-16 12:11:43

Африкийн Судан улсад 2023 оны дөрөвдүгээр сард эхэлсэн дотоодын зэвсэгт мөргөлдөөн дөрөв дэх жилдээ орж, хүмүүнлэгийн нөхцөл байдал дордов. Армийн хүчин болон Шуурхай дэмжлэгийн хүчний хооронд өрнөж буй зөрчил намжаагүй, улс орныг бүхэлд нь хамарсан хямралын түвшинд хүрлээ.

Мөргөлдөөний улмаас хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, 13 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Олонх нь хөрш орнуудыг зорьж, бүс нутгийн тогтвортой байдалд дарамт нэмэгдүүлж эхэллээ.

Хүнсний хомсдол, өлсгөлөн нэмэгдэж, сая сая хүн яаралтай тусламж шаардсан нөхцөлд хүрэв. Хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн дутагдал огцом өсөж, олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Эрүүл мэндийн дэд бүтэц доройтож, олон эмнэлэг хаагдах эсвэл хязгаарлагдмал хүчин чадлаар ажиллахад хүрч, халдварт өвчний эрсдэл нэмэгдэв.

Дарфурын бүс нутагт хүчирхийлэл, зэвсэгт халдлага ширүүсч, нөхцөл байдал улам хүндрэв. Олон улсын анхаарал суларч, бусад бүс нутгийн мөргөлдөөнүүд энэ хямралыг сүүдэрт үлдээх хандлага ажиглагдав.

Гал зогсоох оролдлогууд үр дүнд хүрээгүй, зөрчил үргэлжилсээр байна.


Судан: 2023 онд эхэлсэн дайн дөрөв дэх жилдээ орлоо  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй