Колумбын эрх баригчид зэрлэгээр тархсан усны үхрийн тоо толгойг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар олоун улсын хэвлэлүүдээр мэдээллээ.
Тус улсын Байгаль орчны сайд Ирене Велесийн мэдээлснээр, өмнө нь хэрэгжүүлж байсан үржлийг хязгаарлах, шилжүүлэн байршуулах зэрэг арга хэмжээ өндөр өртөгтэй, үр дүн хязгаарлагдмал байсан тул илүү үр дүнтэй хувилбаруудыг судалж байгаа аж. Зарим хувилбарт тодорхой тооны амьтдыг устгах арга хэмжээг багтаасан талаар дурджээ.
Колумб нь Африкаас гадна зэрлэг усны үхэр амьдарч буй цөөн орны нэг бөгөөд эдгээр амьтад нь 1980-аад онд хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобарын авчирсан дөрвөн амьтны удам юм. Судалгаагаар 2022 оны байдлаар 150-170 орчим усны үхэр зэрлэг байгальд тархан амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд усны үхрүүд анхны байрлалаасаа хол тархаж, зарим бүс нутагт хүн, амьтанд эрсдэл учруулах, орон нутгийн амьтдын амьдрах орчинд нөлөөлөх асуудал үүсгээд байгаа аж.
Харин амьтан хамгаалагчид амьтдыг устгах арга хэмжээг эсэргүүцэж, үржлийг хязгаарлах, хамгаалалтын бүсэд байршуулах зэрэг урт хугацааны, энэрэнгүй шийдлийг дэмжиж байгаа юм.
Ийнхүү Колумбын эрх баригчид байгаль орчин, олон нийтийн аюулгүй байдал, амьтан хамгааллын асуудлыг тэнцвэржүүлэх шийдэл хайж байгаа бөгөөд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь одоогоор тодорхой болоогүй байна.
| Колумб улс усны үхрийн тоо толгойг бууруулах арга хэмжээ авахаар хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 91 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.