Сүүлийн жилүүдэд дэлхий даяар гэрлэх дундаж нас нэмэгдэж, олон оронд 30 наснаас давсан үзүүлэлт ажиглагдаж байна. Суралцах хугацаа уртассан, хөдөлмөрийн зах зээлд тогтворжих хугацаа нэмэгдсэн, амьдралын өртөг өссөн зэрэг нь хүмүүс гэрлэлтийг хойшлуулахад нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэг болжээ.
Европын орнууд гэрлэх нас хамгийн өндөр бүс нутагт тооцогддог. Испани, Нидерланд, Норвеги, Герман, Итали зэрэг оронд хүмүүс дунджаар 34-38 насандаа гэрлэдэг гэсэн судалгаа бий. Эдгээр улсад хамтран амьдрах соёл түгээмэл, гэрлэлтийг хойшлуулах хандлага илүү ажиглагддаг нь үүнд нөлөөлж байна.
Азийн орнуудад ч гэрлэх нас өсөх хандлага ажиглагдаж байна. Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улсад 30 наснаас дээш гэрлэх нь түгээмэл болсон бол зарим хөгжиж буй оронд 20-иод насандаа гэрлэх тохиолдол давамгай хэвээр байна. Африк болон Өмнөд Америкийн зарим оронд ч гэрлэх нас харьцангуй эрт хэвээр байгаа аж.
Судлаачдын үзэж байгаагаар соёл, уламжлал, эдийн засгийн нөхцөл байдал гэрлэх насанд голлон нөлөөлдөг. Мөн боловсрол эзэмших хугацаа уртасч, ажил хөдөлмөрт тогтворжих хүртэлх хугацаа нэмэгдсэн нь гэрлэлтийг хойшлуулах нийтлэг шалтгаан болж байна.
OECD-ийн мэдээллээр 1990 онд эмэгтэйчүүд дунджаар 25, эрэгтэйчүүд 28 насандаа гэрлэдэг байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн дундаж нас 30 гаруй, эрэгтэйчүүдийнх 30 дунд үе рүү шилжжээ. Энэ нь дэлхий даяар гэрлэх нас оройтож байгааг илтгэх нийтлэг хандлага юм.
Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 2-3 насаар эрт гэрлэх хандлага олон оронд хэвээр байна. Хотжилт нэмэгдэх, суралцах хугацаа уртасах, санхүүгийн тогтвортой байдлыг илүү чухалчлах болсноор гэрлэх нас цаашид ч өсөх төлөв ажиглагдаж байна.
Ингэснээр орчин үеийн нийгэмд 30 нас орчимд гэрлэх нь улам хэвийн үзэгдэл болж, гэрлэлтээс өмнө боловсрол, карьер, амьдралын баталгааг чухалчлах хандлага дэлхий даяар нэмэгдэж багаа гэж судлаачид үздэг.
| Хүмүүс яагаад улам орой гэрлэж байна вэ | ||
| Үзсэн: 98 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.