Сүүлийн 24 цагийн хугацаанд Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал дахин хурцдаж, Израиль-Иран, Израиль-Ливан, Газын зурвас, Йемен, Ирак зэрэг хэд хэдэн чиглэлд зэрэгцсэн цэргийн хөдөлгөөн, харилцан довтолгоо нэмэгдэв.
Сүүлийн шөнө Израиль, Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, хоёр тал харилцан анхааруулга хийв. Израилийн тал Ирантай холбоотой гэж үзсэн объектуудыг онилсон ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гарсан бол Ираны талаас Израиль руу дрон, пуужингийн довтолгоо хийх оролдлого гарсан тухай болон Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем зарим довтолгоог таслан зогсоосон талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Үүний дараа Ливаны өмнөд хэсэгт Израилийн агаараас өгсөн цохилтууд нэмэгдэж, Израиль-Ливаны хил орчмын нөхцөл байдал дахин хурцдав. Израилийн тал Хезболлагийн байрлалд чиглэсэн ажиллагаа явуулсан гэж тайлбарласан бол Ливаны эх сурвалжууд энгийн иргэд өртжээ.
Өглөөнөөс эхлэн Газын зурваст байлдааны ажиллагаа үргэлжилж, агаарын цохилтын улмаас хүний амь нас эрсэдсэн тухай Палестины эх сурвалжууд мэдээлсэн бол Израилийн тал уг ажиллагааг зэвсэгт бүлэглэлүүдийн байрлалд чиглэсэн гэж мэдэгдэв.
Үүнтэй зэрэгцэн Йемений Хуситууд Израилийн чиглэлд дрон, пуужингийн довтолгоо хийж, Улаан тэнгис орчимд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэв. Израилийн тал зарим довтолгоог агаараас хамгаалах системээр устгасан байна.
Мөн Иранд ойр зэвсэгт бүлэглэлүүд Иракт байгаа АНУ-ын цэргийн баазуудыг онилох боломжтойг анхааруулж, АНУ бүс нутаг дахь цэргийн объектуудын хамгаалалтыг нэмэгдүүлсэн тухай мэдээлэгдэв.
Сүүлийн цагуудад Персийн булан болон Ормузын хоолойн орчимд цэргийн хөдөлгөөн нэмэгдэж, эрчим хүчний нийлүүлэлтэд эрсдэл үүсэх магадлал нэмэгдсэн талаар ажиглагчид анхаарууллаа. Саудын Араб, АНЭУ зэрэг орнууд мөргөлдөөнийг өргөжүүлэхгүй байхыг уриалж, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү сүүлийн 24 цагийн хугацаанд Ойрхи Дорнодын хэд хэдэн чиглэлд нөхцөл байдал дараалан хурцдаж, бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь бүс нутгийн гол орнуудын дараагийн алхмуудаас хамаарах төлөв ажиглагдаж байна.
| Ойрхи Дорнод: Хурцадмал байдал үргэлжилж, олон чиглэлд мөргөлдөөн эрчимжэв | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.